Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үлгэр дуурайлал үзүүлэх, үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих уриалгыг аймгийн ИТХ-аас санаачиллаа.
Энэхүү уриалгад аймгийн нийт төрийн албан хаагчдыг нэгдэхийг уриалж, Засаг дарга Б.Азжаргалд гардуулан өглөө. Энэ хүрээнд үндэсний хувцсаа өмсөх өдрийг долоо хоног бүрийн пүрэв гараг байх саналыг ИТХ-ын дарга А.Янжмаа дэвшүүллээ.
Үндэсний бахархал болсон дээл, хувцсыг ажлын нэг өдөр өмсөж, иргэд олон нийтэд үйлчилснээр бахархах сэтгэл, үлгэрлэн дуурайх сэдлийг төрүүлэх юм.
Тус уриалгад Монгол түмний олон зуун жилийн түүх, өв уламжлал, ахуйн соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл болсон үндэсний хувцас бол биднийг Монгол хүн гэдгийг даяар ертөнцөд нотлох дархлаа билээ.
Монгол үндэстнийхээ давтагдашгүй өв соёл, ёс заншил, бахархлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүргийг төрийн албан хаагчид бид манлайлан түүчээлэх учиртай.
Үндэснийхээ хувцсаар бахархах, хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд бодит үлгэр дуурайлал үзүүлэх, үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих зорилгоор Долоо хоног бүрийн нэг өдрийг "Үндэсний өв соёлын өдөр" болгож, тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол дээл хувцсаараа гоёж, хэвшүүлэх уриалгыг Дархан-Уул аймгийн нийт төрийн албан хаагчид та бүхэнд хандан дэвшүүлж байна гэжээ.