Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төрөлжсөн ахлах сургуулиудыг шинээр байгуулж, суралцагчдыг авьяас, сонирхол, цаашдын мэргэжлийн чиг баримжаанд нь тулгуурлан гүнзгийрүүлэн сургах шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт Төрөлжсөн ахлах сургууль байгуулагдсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус сургууль нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар байгуулагдсан бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа албан ёсоор зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан оролцож, сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагчид болон эцэг эхчүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Баян-Өлгий аймгийн хүүхэд, залуусын авьяас чадвар, хүсэл сонирхлыг нээн хөгжүүлэх, мэдлэг боловсролыг гүнзгийрүүлэх, ирээдүйн мэргэжил, амьдралын зорилгоо зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус сургууль нь 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Одоогоор 10-12 дугаар ангийн 10 бүлэгт 285 суралцагч суралцаж байгаа бөгөөд мэдээллийн технологи, математик, англи хэлний чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулж байна. Мөн багш мэргэжлийг сонирхсон суралцагчдад зориулан сонгон бүлэг ажиллуулж байгаа юм байна.