Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд шинээр ашиглалтад орсон “CuMo Arena” спорт, соёлын цогцолборын нээлтэд зориулсан урлаг, соёл, спортын хөтөлбөр волейболын нөхөрсөг тоглолтуудаар үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
Нээлтийн үеэр Эрдэнэт, Дархан хотын шигшээ багууд болон Монголын Волейболын холбооны шилдэг багууд нөхөрсөг тоглолт хийж, ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдсөн юм. Тухайлбал, спортын мастер О.Энххүслэн ахлагчтай Эрдэнэт үйлдвэрийн шигшээ баг ОУХМ А.Батжаргал ахлагчтай Дархан хотын шигшээ багтай тоглож, 3:2-ын харьцаагаар ялалт байгууллаа.
Спортын мастер Д.Эрдэнэбулган ахлагчтай “Mintonette Gobi”, ОУХМ П.Буянжаргал ахлагчтай “Уурхайчин” багийн тоглолт таван үе үргэлжилж, багууд эн тэнцүү өрсөлдсөнөөс “Уурхайчин” баг 3:2-ын харьцаагаар яллаа.
Түүнчлэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дунд чөлөөт давуулалтын тэмцээн явуулж, оролцогчдын авхаалж самбаа, ур чадварыг сорилоо.
“CuMo Arena” ордны нэг онцлог нь тоглолтын оноог харуулах дэлгэцээр оноо авсан тамирчны нэр, зургийг тухай бүрд нь үзүүлж байсан явдал юм. Ингэснээр үзэгчид тоглолтын явцыг дагахад илүү дөхөм болж, тамирчдын амжилтыг онцлон харуулах боломж бүрджээ.
Тус ордон ашиглалтад орсноор Эрдэнэт хотод спортын тэмцээн, уралдаан, урлаг, соёлын тоглолт зохион байгуулах шинэ орчин бий болж байна. Түүнчлэн хүүхэд, залуус, иргэд спортын үйл ажиллагаанд оролцох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэж буйгаараа онцлог юм.