Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын заан Д.Алтанцоож түрүүллээ.
Тэрбээр наадмаар заан болсноос хойш шинэ цолтойгоо анхны барилдаандаа түрүүлж байгаа нь энэ. Хэнтий аймгаас 27 жилийн дараа дахин улс тунхагласны ойн барилдааны түрүү авч байгаа юм. Хэнтийнхэн энэхүү барилдаанд долоо дахь түрүүгээ авсан бөгөөд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Алтанцоож нэг түрүүтэй байна. Тэгвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Тэр барилдааны дараа “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багшийнхаа зургаан удаа түрүүлж байсан барилдаанд нутгийн дүү заантайгаа түрүү булаалдлаа. Харгүй сайхан барилдаж, үзүүрлэсэндээ баяртай байна. Хөгжөөн дэмжигчид маань эргэн ирсэнд минь хамгийн ихээр баярлаж байна” хэмээлээ. Бөхийн өргөөнд зохион байгуулдаг дөрвөн том барилдааны нэгд нэг аймаг, нэг сумаас хоёр бөх түрүү, үзүүрт үлдсэн нь анхны тохиолдол боллоо.
Хүчит бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт үг хэлэхдээ, “Дээдсээс өвлөсөн монгол бөхөд ёс жудаг, дээдлэх сүлдтэй монгол төрд шударга ёс, дэлхийд данстай Монгол Улсад маань эв нэгдэл чухал болохыг онцлоод, талцаж бус нэгдэн нягтарч, хийрхэн тэмцэж бус хийж бүтээж, хэн нэгнээ үгүйсгэж бус дэмжиж хамтран зүтгээрэй” хэмээн уриаллаа.
Уг барилдааны их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат арслан Б.Бат-Өлзий нар үлдсэн бол дунд шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, С.Сүхбат, харцага Э.Даш, начин Б.Лхагвадорж нар шалгарч, үзэгч олноо баясгав. Зохион байгуулагчдаас “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан М.Гантулгад олгосон юм.