Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Киотогийн протоколыг хэрэгжүүлэхээр байгуулсан Цэвэр хөгжлийн механизмын Гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд өрсөлдөн, Киотогийн протоколын Талуудын 21 дүгээр бага хурлаас хөгжиж буй улс орнуудыг төлөөлөх үндсэн гишүүнээр сонгогдлоо.
Тус зөвлөл нь НҮБ-ын бүс нутгийн таван бүлэг, хөгжингүй, хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй улс орны төлөөллөөс бүрдсэн 10 үндсэн, 10 орлон гишүүнтэй ажилладаг. БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн хөгжиж буй улс орнуудад тусгайлан ногдох үндсэн гишүүний хоёр суудлын нэгэнд сонгогджээ. Энэ нь Монгол Улс анх удаа тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож буй тохиолдол гэдгийг БОУАӨЯ мэдээлэв.
Ийнхүү үндсэн гишүүнээр сонгогдсон нь олон улсын карбон зах зээлийн бодлого, зохицуулалт, шийдвэр гаргах үйл явц дахь Монгол Улсын оролцоо, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын, дасан зохицлын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол Улсад Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталж, хэрэгжүүлэх эрх зүй, институцийн тогтолцоог бүрдүүлж буй энэ цаг үед олон улсын карбон зах зээлийн туршлага, аргачлал, стандартыг үндэсний түвшинд нутагшуулах, дотоодын карбон зах зээлийг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байгаа ажээ.