Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Шударга ёс нь зөвхөн хууль, дүрмийн хүрээнд яригдах ойлголт бус, хүний өдөр тутмын харилцаа, сонголт, үйлдлээр илэрдэг үнэт зүйл юм. Тиймээс хүүхэд багаасаа үнэнч шударга байх, бусдын эрхийг хүндэтгэх, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх дадалтай болох нь ирээдүйн нийгмийн зөв төлөвшилд чухал нөлөөтэй.
Энэ чиглэлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль “Шударга үйлдэл – Миний бахархал” соён гэгээрүүлэх аяны хүрээнд сурагчдын шударга ёсны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, зөв хандлага, хариуцлагатай үйлдлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Тус аяны хүрээнд сурагчид “Шударга ёсны андгай” үйл ажиллагаагаар үнэнч шударга байх, бусдын эрхийг хүндэтгэх, зөв үйлдлийг эрхэмлэхийн ач холбогдлыг ойлгож, өөрсдийн хандлага, үйлдэлдээ анхаарахыг уриалсан бол “Шударга ёсны мод”-оор дамжуулан шударга байдлын талаарх үзэл бодол, санаагаа бүтээлчээр илэрхийлсэн байна.
Мөн сургуулийн орчинд шударга байдлыг бодит үйлдлээр хэрэгжүүлэх нэг жишээ болгон “Эзэнгүй хайрцаг” байршуулж, олдсон эд зүйлсийг эзэнд нь буцаан өгөх, бусдын өмчийг хүндэтгэх, итгэлцэл, хариуцлагыг эрхэмлэх дадлыг бий болгоход чиглэжээ.
Түүнчлэн ахлах ангийн сурагчдыг “Өсвөрийн сургагч багш” болгон бэлтгэж, бага ангийн сурагчдад шударга ёс, зөв үйлдэл, хариуцлагын талаар мэдлэг, ойлголт түгээн ажиллуулсан нь хүүхдүүд бие биедээ үлгэр дуурайл үзүүлэх, үе тэнгийнхний оролцоотойгоор зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн онцлог үйл ажиллагаа болжээ.
Шударга ёсыг эрхэмлэх үзэл нь хүүхдийн хүмүүжил, харилцаа, сургуулийн орчны аюулгүй, итгэлцэлтэй байдал төдийгүй нийгмийн хариуцлагатай иргэн төлөвших үндэс юм. Иймд зөв үйлдлийг уриалахаас илүүтэй өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн эдгээр үйл ажиллагаа нь шударга байдлыг хүүхэд бүрийн үнэт зүйл, бахархал болгоход чиглэж байна.