Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Агар ган хувин” ХХК говийн бүсэд тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авч ингэний байр барьж, саалтуур, мотоцикл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч, эдүгээ 50 ингийг цахилгаан саалтуур ашиглан саах арга технологид сургаж, ингэний сүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа үе шаттайгаар хөгжүүлж байгаа юм. Мөн ингэний сүү болон түүнээс боловсруулсан бүтээгдэхүүнээ “Шимт дээжис” нэрийн дор зах зээлд нийлүүлж, Мандах сум болон хил залгаа аймаг, сумд, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулж байна.
Нэг кг ингэний хоормог 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд захиалгаар нийлүүлэхээс гадна сумынхаа сургууль, цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. Ирэх жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж 100 орчим ингэ саах төлөвлөлт хийжээ. Говийн бүсийн онцлогт тохирсон тэмээний аж ахуйг хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, зах зээлээ өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Ташрамд, үүнээс гадна Дорноговь аймагт Сайхандулаан, Эрдэнэ, Сайншанд сумын малчид ингэний ферм байгуулан сүү болон сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулж байна.