Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар "Аймгийн аялал жуулчлалыг дэмжих зөвлөл"-ийг байгуулжээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус зөвлөл энэ сарын 25-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, аймгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага болон 2027 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
Хуралдаанаар аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, Баянхонгор нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Шаргалжуут орчимд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх, орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан эвент, үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг нэгтгэн тодорхой санал санаачилга боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр санал нэгджээ.
Хуралдаанд аймгийн Засаг даргын зөвлөх бөгөөд Аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн дарга Э.Ганзориг, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Пүрэвдагва, Шаргалжуут рашаан сувиллын захирал Т.Төвшин, Баянхонгор нисэх буудлын дарга Д.Мөнхжаргал, “Чандмань Консалтинг” ХХК-ийн захирал Д.Өлзийсайхан, “Баянхонгор – Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Содномсамдан нар оролцсон байна.
Аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгийн нөөц боломж, онцлогт тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус зөвлөл чухал үүрэг гүйцэтгэх юм.
Ташрамд, Баянхонгор аймаг нь Монгол орны төв болон баруун өмнөд бүсийг дамнасан, Хангайн хөвч тайга, тал хээрээс эхлээд Говь-Алтайн сүрлэг нуруу, Алтайн өвөр говийн их цөлийг нэгэн дор агуулсан байгалийн бүх бүслүүртэй, түүх, палеонтологийн дурсгал олонтой нутаг.
Говийн их дархан цаазат газар (А хэсэг) тус аймгийн нутагт оршдог бөгөөд дэлхийд цорын ганц говийн баавгай болох мазаалай, хавтгай тэмээ, хулан, хар сүүлтийн амьдрах гол цөм нутагтай. Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн хад зэрэг анагаах шидтэй 20 гаруй рашаан, Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой зэрэг үзэсгэлэнт баян бүрдүүдтэй. Мөн бүх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу зэрэг түүх, соёлын олон төрлийн дурсгалууд өргөн тархсан байдгаараа онцлог.
Баянхонгор аймгийн долоон гайхамшгаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уулыг нэрлэдэг.