Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Түргэн уул, Цагаан шувуут уулын дархан цаазат газрууд нь Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг төдийгүй, дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин, өвөрмөц экосистем юм.
Энэ хүрээнд “Ирвэс хамгаалах сан" ТББ-аас Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаатай байнгын хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд ирэх дөрвөн жилд ирвэс хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгээ энэ сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулжээ.
Тус байгууллагууд ирэх дөрвөн жилд Увс нуурын ай савд цоохор ирвэсийн тооллого хийхээс гадна амьдрах орчных нь судалгааг идэвхжүүлэх, нутгийн иргэдтэй хамтран хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажиллах юм байна.
Хамтын ажиллагааны хүрээнд цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтанд малаа бариулж, хорогдуулсан тохиолдлыг бүртгэх, судалгаа мэдээлэл цуглуулах зорилгоор цахим судалгааг өнөөдрөөс эхлэн авч байна. Иймээс малчид тусгай QR код гар утсаараа уншуулж, судалгааны асуулгыг цахимаар бөглөх юм. Малчдын өгсөн мэдээлэлд түшиглэн зэрлэг амьтны халдлагад өртсөн малын хорогдлыг бүртгэх, цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтны малд учруулж буй нөлөөллийг судлах, хүн, мал, зэрлэг амьтны зэрэгцэн орших боломжийг нэмэгдүүлэх хамгааллын арга хэмжээг төлөвлөх зэрэг ажлыг хийх ажээ.