Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газраас олон улсын түвшинд мэдлэг, манлайлах ур чадвар, соёл хоорондын орчинд ажиллах чадамжтай, дэлхийн засаглалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Хятад улсад суралцах шилдэг манлайлагч оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлалаа.
Боловсролын яамны мэдээлснээр, уг хөтөлбөрийн хүрээнд 200 оюутныг магистрын түвшинд англи хэлээр суралцуулах ба сургалтын төлбөр, холбогдох зардлыг бүрэн хариуцах юм. Хөтөлбөр нь “1+1” загвараар хэрэгжинэ. Тодруулбал, суралцагч эхний хичээлийн жилд БНХАУ-ын их сургуульд танхимын сургалтад хамрагдаж, судалгааны ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ магистрын дипломын ажлаа бичих бэлтгэл хангана. Харин хоёр дахь хичээлийн жилд эх орондоо буцаж, өөрийн ажил мэргэжлийн бодит туршлагад тулгуурлан судалгаагаа үргэлжлүүлж, дипломын ажлаа дуусгах юм. Их сургуулийн шаардлагын дагуу БНХАУ-д очиж дипломын ажлаа хамгаалснаар магистрын зэрэг авах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагчдад дараах шаардлага тавигдана.
· Монгол Улсын иргэн байх, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн, 45-аас доош настай байх
· Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Хөтөлбөртэй холбоотой чиглэлээр суралцсан, ажилласан туршлагатай иргэнд давуу эрх олгоно
Дараах дөрвөн ангиллын аль нэгэнд хамаарах:
· Төрийн байгууллагын хэлтсийн дарга, түүнээс дээш түвшний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч
· Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан тушаалтан
· Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын захиргааны удирдах ажилтан
· Олон улсын байгууллагад ажиллаж байсан эсвэл дадлага хийсэн туршлагатай иргэн
· Суралцахаар зорьж буй их сургуулиасаа Урьдчилсан элсэлтийн батламж (Pre-admission Letter) авсан байх
· Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
· Урьдчилсан элсэлтийн батламжид тухайн их сургуульд бүртгүүлэхэд шаардлагатай хувийн мэдээлэл, элсэх хугацаа болон суралцах мэргэжлийн талаарх мэдээлэл багтсан байна.
Хүсэлт хүлээн авах хугацаа, бүртгэл
Хүсэлт гаргагч нь 2027 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системээр дамжуулан хүсэлтээ илгээнэ.
Бүртгүүлэхдээ дараах мэдээллийг сонгох шаардлагатай. Үүнд:
Тэтгэлгийн төрөл: Type A
Хүлээн авах байгууллагын код: 1563
Хөтөлбөрийн нэр: Youth of Excellence Scheme of China
Суралцах боломжтой их сургуулиудын жагсаалт болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох цахим холбоосоор авах боломжтой.
Цахим бүртгэлийн хаяг: https://studyinchina.csc.edu.cn/