Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /DW/. Европын Холбооны /ЕХ/ 2028-2034 оны төсвийг хэлэлцэхээр 26-ны пүрэв гарагт Брюссель хотноо эхэлсэн дээд түвшний уулзалт эхний өдрийнхөө дараа товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөжээ. “Өнөө орой ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүй нь тодорхой боллоо” гэж Германы Канцлер Фридрих Мерц хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, долоон жилийн төсвийн талаарх ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчдын байр суурь ихээхэн зөрүүтэй хэвээр байгаа аж. Гэсэн хэдий ч Германы Засгийн газрын тэргүүн энэ оны эцэс гэхэд тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Улмаар ЕХ-ны удирдагчид төсвийн асуудлаарх хэлэлцээг 27-ны өглөө үргэлжлүүлэхгүй байхаар шийдэж, эцсийн шатны хэлэлцээг 26-ны орой хийжээ. Ф.Мерцийн мэдэгдсэнээр, 12 дугаар сарын 17-18-нд болох дээд хэмжээний уулзалтаар уг асуудлыг дахин хэлэлцэх аж.
Дээд түвшний уулзалт эхлэхээс өмнө Ф.Мерц ЕХ-ны төсөвт хамгийн их хувь нэмэр оруулдаг Нидерланд, Австри, Швед, Финланд, Дани, Бельги гэсэн зургаан улсын удирдагчтай уулзжээ. Эдгээр улс зардлыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
Германы Канцлер мөн Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта энэ сарын 21-нд танилцуулсан 1.78 их наяд еврогийн долоон жилийн төсвийн төслийг дээд түвшний уулзалтын үеэр шүүмжилсэн байна. Уг төсөв нь Европын Комиссын 2025 оны зун санал болгосон хэмжээнээс 204 тэрбум еврогоор бага юм. Гэсэн хэдий ч Ф.Мерцийн үзэж байгаагаар зардлыг үүнээс ч илүү танах шаардлагатай аж.
Түүнчлэн тэрбээр ЕХ-ны хэмжээнд зээл авч санхүүжилт хийхийг эсэргүүцжээ. Учир нь 2028-2034 онд гишүүн орнууд өмнө нь авсан зээлийнхээ хүүд 150 гаруй тэрбум евро төлөх ёстой юм. Хэрэв өрийн хэмжээ цаашид нэмэгдвэл ЕХ-ны “үйл ажиллагааны чадамжийг” алдагдуулж болзошгүй гэж Ф.Мерц үзэж байна.
Үүнээс гадна, Ф.Мерц зардлыг "шударгаар хуваарилах"-ыг уриалж, "цэвэр хандивлагч" орнуудад төсөвт оруулсан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг буцаан авах боломж олгодог төсвийн буцаан олголтын тогтолцоог хэвээр үлдээхийг шаардсан байна. "Герман улс Европын нийт төсвийн дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг боловч бид ердөө найм орчим хувийг буцааж авдаг" гэж тэрбээр тэмдэглэжээ.
ЕХ-ны төсвийг танахыг дэмжиж буй Ф.Мерц болон бусад улсын удирдагчдын байр суурьтай Итали, Испани, Франц, Польш зэрэг орны удирдагчид санал нийлэхгүй байгаа аж. Тэд эдийн засгийн хувьд сул бүс нутгуудыг дэмжих, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд илүү их хөрөнгө төсөвлөхийг шаардаж байна.
"Бид буцаан авч байгаагаасаа илүү ихийг оруулдаг төсөвт гарын үсэг зурахад бэлэн биш байна" гэж Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, санхүүгийн асуудлаар тохиролцоонд хүрэхэд маш их хугацаа шаардагдахаар байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төсвийг цаашид танах тухай Ф.Мерцийн саналыг “стратегийн алдаа” гэж тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр Францын ерөнхийлөгчийн сонгуулийг дөрөвдүгээр сарын 18-нд товлосонтой холбоотойгоор ирэх саруудад төсвийн асууддлаарх хэлэлцүүлэгт оролцоход хүндрэлтэй болох тул санхүүгийн асуудлаар оны эцэс гэхэд тохиролцоонд хүрэхийг уриалжээ.