Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 704 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Саранцогт хоёр дахь удаагаа түрүүлэв.
Монголын үндэсний бөхийн холбоо мэдээлснээр, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Г.Энхтүвшин үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Ц.Өсөхбаяр, дунд шөвгийн зургаад Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Ц.Сумъяабазар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан А.Цэрэндагва нар шалгарлаа.
Бага шөвөгт Баян-Өлгийн заан Т.Серикбол, М.Серикбол, Увсын заан Г.Пүрэвбаатар, Өвөрхангайн заан Г.Сумъяабазар, Сүхбаатарын заан Ж.Мягмаржав нар үлдэв.
НТВ телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2,0 сая, үзүүр бөхөд 1,0 сая, дөрөвт үлдсэн хоёр бөхөд тус бүр 500.000, дунд шөвгийн тавд үлдсэн хоёр бөхөд тус бүр 250,000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардуулсан юм.