Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын сарын 29 /Ройтерс/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гэр бүлийн дэмжлэгтэй “Ворлд Либерти Файнэншл” (World Liberty Financial, WLF) криптовалютын компанийн токены үнэ нэг шөнийн дотор 50 гаруй хувиар унасан нь улс төртэй холбоотой крипто хөрөнгүүдийн ханш ихээхэн хэлбэлзэлтэй байдгийг харууллаа. Ханш унасны дараа тус компани “Байнанс” (Binance) биржийг арилжаанд нөлөөлсөн гэж буруутгажээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө WLF токены ханш ердөө хоёрхон цагийн дотор 0.037 ам.доллароос 0.016 ам.доллар болж, 51 гаруй хувиар буурсан байна.
Ханш ийнхүү унасны дараа тус компани өөрсдийн хийсэн тооцоололд үндэслэн “Байнанс” биржийг токеных нь худалдан авах болон зарах захиалгуудыг дур мэдэн хаасан нь үнэ огцом унахад хүргэсэн гэж мэдэгдсэн байна. Харин “Байнанс” бирж хариуд нь мэдэгдэхдээ, уг нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэдгээ, мөн тухайн хугацаан дахь зах зээлийн идэвхжилд дүн шинжилгээ хийж байгаагаа дурдсан байна.
“Си Эн Би Си” сувгаар мэдээлснээр, Д.Трамп болон WLF компанийг 2 тэрбум гаруй ам.долларын криптовалютын хэлцлээр дамжуулан авлига авсан гэж буруутгасан нэхэмжлэлийг Колумбийн тойргийн шүүхэд гаргаснаас сарын дараа энэхүү явдал боллоо.
2025 оны 10 дугаар сард Д.Трамп мөнгө угаахтай тэмцэх тухай хууль дүрмийг зөрчсөн хэргээр 2023 онд ял шийтгүүлсэн “Байнанс”-ийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод өршөөл үзүүлсэн юм. Түүнд өршөөл үзүүлэхээс өмнө тус бирж WLF-д 2 тэрбум ам.долларын технологийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тухай “Де Волл Стрит Жорнал” (The Wall Street Journal") сонин мэдээлж байв. Тус сонинд бичсэнээр, энэхүү хэлцэл нь WLF-ийн зах зээлийн үнэлгээг 127 сая ам.доллароос 2.1 тэрбум гаруй ам.доллар болтол өсгөсөн байна.