Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2026 оны хоёрдугаар ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг” өргөх ёслол “Нээлттэй хаалганы өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулав.
Үйл ажиллагааны үеэр анхан шатны сургалт бэлтгэлдээ бусдыгаа манлайлсан дайчдыг “Онц буудагч”, “Тамирчин дайчин” тэмдэг, “Урлагийн авьяастан” батламжаар шагнаж урамшууллаа. Түүнчлэн анхан шатны сургалт бэлтгэлийн хугацаанд зохион байгуулсан “Цогцолбор тэмцээн”-д тэргүүлж, сургалтын төвийн “Тэргүүний салаа”-гаар шалгарсан ахлах дэслэгч Б.Баавар захирагчтай 1 дүгээр ротын 1 дүгээр салааны хамт олонд шилжин явах цом, өргөмжлөл гардуулав.
Ёслолын ажиллагааны дараа хүрэлцэн ирсэн зочид, ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагаа, зэвсэглэл техник, цэргийн байрны орчин нөхцөлийг танилцуулан сонголттой хоолоор үйлчилж, хугацаат цэргийн алба хаагчдын урлагийн тоглолтыг толилууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагаа удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ангийн захирагч хурандаа Э.Билэгсайхан, ангийн удирдлага, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдорж, Ч.Мөнхбаяр нар, мөн хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, хэвлэл мэдээлэл оролцсон байна.