Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т энэ оны 10 дугаар сард гарсан ой, хээрийн түймрийн хохирлын үнэлгээгээр нийт хохирол 3.35 их наяд төгрөг болжээ.
Үүнийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.
Түймэр 484.383,7 га талбай хамарснаас Нөмрөгийн ДЦГ-ын 431.592,8 га буюу ТХГН-ийн 73,4, орчны бүсийн 52.790,9 га талбай өртжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоохоор БОУАӨ-ийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг, холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч хээрийн судалгаа, үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга, голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Түймэрт 14.690 га ойн талбай өртсөнөөс 29.1 хувь нь бага шатсан, 54.1 хувь нь днд зэрэг, 16.7 хувь нь их, 0.1 хувь нь маш их шатсан байна. Бага, дунд зэргээр шатсан талбайд байгалийн нөхөн сэргэх боломж харьцангуй их байгаа бол их, маш их шатсан хэсэгт ургамал бараг бүрэн устаж, хөрсний өнгөн үе ил гарсан нь элэгдэл, доройтлын эрсдэлийг нэмжээ. Мөн хөрсний органик үе шатсанаар чийгийн горим өөрчлөгдөх, нүүрстөрөгчийн агууламж багасах, салхи, усны элэгдэл эрчимжих эрсдэл үүссэн байна. Усны чанарын үзүүлэлтүүд хэвийн түвшинд хадгалагдсан ч зарим цэгт жинлэгдэгч бодисын хэмжээ өмнөхөөсөө 4-7,8 дахин нэмэгджээ.
Амьтны аймгийн хувьд том хөхтөн амьтдын баталгаажсан хорогдол тогтоогдоогүй ч тэдний амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна. Үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирол 1,2 их наяд төгрөгөөр тооцогдсон байна.
Түймэр унтраахад 367.6 сая төгрөгийн зардал гаргажээ
Түймрийг унтраах, хээрийн судалгаа хийх, холбогдох ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн ОБГ-аас санхүүжилт гаргажээ.
Шууд шууд зардал 346,6 сая, хохирлын актад тусгасан зардлын нийт дүн 367,6 сая төгрөг байна.
Халхгол сумын Засаг даргын баталсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаар 3.35 их наяд төгрөгийн хохирол учирсныг тогтоож, үүнээс шууд зардал 367.6 сая төгрөгийг энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийджээ. Хохирлын акт, холбогдох баримт материалыг энэ сарын 14-нд эрх бүхий хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн бөгөөд асуудлыг хянан шалгаж байна.
Нөхөн сэргээхэд 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Түймрийн улмаас байгалийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд том өөрчлөлт гарсан тул байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, эмзэг, их эрсдэлтэй бүсэд хамгаалалт, хяналт-шинжилгээг үе шаттай хийх шаардлагатайг шинжээчдийн баг дүгнэжээ.
Энэ хүрээнд экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторинг хийхэд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон байна.
Нөмрөгийн ДЦГ нь ой, хээр, усны экосистем, биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Иймд түймэрт өртсөн талбайн байгалийн нөхөн сэргэх боломжийг хадгалах, ойн экосистемийг хамгаалах, хөрс, усны доройтлоос сэргийлэх, амьтдын амьдрах орчныг сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай зохион байгуулах шаардлагатай юм.