Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

АНТАЛЬЯ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /ANADOLU/. “Аккую” атомын цахилгаан станцын /АЦС/ эхний реакторыг цөмийн түлшээр цэнэглэхэд бэлтгэх ажил дуусах шатандаа орсон бөгөөд 2027 онд Туркийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлнэ гэдгийг Оросын “Росатом” корпорацийн Ерөнхий захирал Алексей Лихачев мэдэгдлээ.
Анталья хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын (COP31) хүрээнд болсон “Дэлхийн атомын өдрүүд” арга хэмжээний үеэр тэрбээр үг хэлэхдээ, “Аккую” АЦС-ыг ажиллуулахад бэлтгэж байгаа тухай болон төслийн хувь эзэмшил, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярьсан байна. Одоогийн байдлаар, эхний блокийн халуун туршилт хийх зөвшөөрөл хүлээгдэж байгаа ажээ.
“Росатом”-ын захирлын хэлснээр, эхний блок бэлэн болсны дараа шинэ реакторуудыг нэг нэгээр нь дараалуулан ашиглалтад оруулснаар 2030 оноос өмнө талбайг эрчим хүчний блокуудаар бүрэн бүрдүүлж, Туркийн сүлжээнд 5 гигаватт цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэх юм.
Үүний сацуу төслийн эзэмшлийн хувийг худалдах тухайд Лихачев хэлэхдээ, 15 жилийн өмнө байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрт “Аккую” АЦС-ын төслийн 49 хувийг хөрөнгө оруулагчдад худалдах боломжийг тусгасан гэлээ. Гэхдээ Туркийн засгийн газартай заавал зөвшилцсөний үндсэн дээр хэлцлийг хийх ёстой.
Цөмийн эрчим хүчний суурилсан хүчин чадлыг 2050 он гэхэд 20Гвт-д хүргэх талаар Туркийн талын тавьсан зорилтын талаар Лихачев хэлэхдээ, энэ үзүүлэлт бол эрчимтэй хөгжиж буй тус улсын эдийн засгийн хувьд дээд хязгаар биш бөгөөд Оросын тал уг зорилтод хүрэхэд нь Туркт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгийг онцоллоо.
Тус төслийн Туркийн эдийн засагт үлдээсэн мөнгөн дүн нь 16 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд үүнд Туркийн компаниудын борлуулалтын орлого болон төлсөн татвар багтаж байна.