Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ган үйлдвэрлэх цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгарууллаа.
Төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах олон улсын урилгыг 30 гаруй компанид хүргүүлэхэд БНХАУ-ын 5 компани санал ирүүлснээс “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноогоор шалгаруулж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийджээ.
Тус груп нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, 4 жилд барих санал ирүүлжээ. Мөн 1800 ажлын байр бий болгож, ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэх санал дэвшүүлсэн байна. Сонгон шалгаруулсан үр дүн, цаашид хийх ажлыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах ган үйлдвэрлэх цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр бий болгох, ДНБ-ийг 4.9 хувиар нэмэх, импортыг 4.8 хувиар багасгаж, экспортыг 2.3 хувиар нэмэх, төлбөрийн тэнцлийг 350-400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцсон байна.
Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн болох төлөвтэй байна. Ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550-600 ам.доллар болж, 20 орчим хувиар багасах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртөг, импортын хараат байдлыг багасгах, эрдэс баялгийн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой. Цаашид хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг хэлэлцэж, үндэсний эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг хангах, санхүүжилт, технологи, байгаль орчин болон талуудын эрх, үүрэг, эрсдэлийг нарийвчлан тохирох юм.
Үйлдвэрийг 2027-2029 онд барьж, 2029 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.