Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр,2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 35 алба хаагч монгол бичгийн анхан шатны сургалтад хамрагдаж, үндэсний бичгээр унших, бичих суурь мэдлэг эзэмшлээ.
Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор тус газраас Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран 20 цагийн сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар алба хаагчдад монгол бичгийн анхан шатны мэдлэг олгож, үсэг бичих, үг унших, зөв бичих чадвар эзэмшүүлэхэд анхаарсан байна. Сургалтаа амжилттай дүүргэсэн 35 алба хаагч сертификат гардан авчээ.
Монгол Улсын төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөхөд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Иймээс алба хаагчдыг үндэсний бичигт сургах нь төрийн албан хэрэг хөтлөлтөд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна эх хэл, бичиг соёлоо өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.