Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 96 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдөж, хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс гурав нь Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаагаас нэгнийх нь бие маш муу байна.
Өчигдөр Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 58 хүүхэд үзүүлсэнээс нэг хүүхдийг яаралтай хэвтүүлж, 17 хүүхдэд эмчилгээ хийжээ.
Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, хэвтэлт ихсэж буйтай холбоотойгоор аймгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хуралдаж, зарим ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 08:00-19:00 хүртэл, амралтын өдөр 11:00-16:00 хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ.
Тэрчлэн томуу, томуу төст өвчний шинж тэмдэгээс хамаараад 100 мянга хүртэлх төгрөгийн эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөс авч болох нь ээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдэд хандаж амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай баримтлах, олон нийт цугларсан газар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, гэртээ өрөө тасалгаандаа агаар сайтар сэлгэх, 2 цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж хүүхдийнхээ дархлааг дэмжихийг уриалж байна.