Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд зудын эрсдэл дунд түвшинд үнэлэгдсэн ч Баянхайрхан, Баянтэс, Тэс сум маш их, Асгат, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн-Уул сум их эрсдэлтэй гарчээ.
Иймээс эрсдэл ихтэй сумдад өвс, тэжээлийн нөөц, бэлчээрийн ашиглалт, отор нүүдлийн зохицуулалтыг эртнээс сайжруулах шаардлагатай байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Зудын эрсдэлийн үнэлгээг цаг агаарын нөхцөл, цасан бүрхүүл, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвс тэжээлийн нөөц, малчин өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл болон гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавх зэрэг үзүүлэлтэд үндэслэн хийжээ.
Үнэлгээгээр аймгийн аюулын дундаж оноо 5.95, өртөх байдал, эмзэг байдлын үнэлгээ 5.54, чадавхын үнэлгээ 5.28, зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээ 6.25 гарсан байна. Нийт 24 сумаас 16 сум дунд эрсдэлтэй үнэлэгджээ.
Энэ жилийн хавар, зуны улиралд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4 хэмээр дулаарч, зургаа, долдугаар сард хур тунадас бага орсон нь бэлчээрийн ургамлын ургалтад сөргөөр нөлөөлжээ. Ялангуяа нутгийн баруун, төв, өмнөд хэсгээр өвс, ургамлын ургалт тачир, сийрэг, шимт чанар багатай ургамал зонхилсон байна. Үүний улмаас мал махан тарга хүчний суурь багатай, өөхөн тарга хүч хангалтгүй авсан нь өвөлжилтийн эрсдэлийг нэмж болзошгүйг үнэлгээнд дурдсан байна.
Бэлчээрийн даацын хувьд аймгийн нийт нутгийн 72 хувь нь хүрэлцээтэй буюу нөөцтэй байгаа бол 24 хувьд даац 1-3 дахин, гурван хувьд 3-5 дахин, нэг хувьд тав болон түүнээс дээш дахин хэтэрсэн байна.
Малын тарга хүч дундаас доогуур үнэлэгдсэн Алдархаан, Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Завханмандал, Тосонцэнгэл, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу сумдад өвөлжилт хүндрэх тохиолдолд малын хорогдол нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Мөн аймгийн хэмжээнд нийт 10,180 малчин өрх байгаагаас 2,571 өрх буюу 27.1 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй алслагдсан бүсэд амьдарч байна. Малчин өрхийн 40.2 хувь нь зээлтэй, малын даатгалын хамрагдалт харьцангуй бага байгаа нь эрсдэлийг даван туулах боломжийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг болжээ.
Өвс, тэжээлийн нөөцийн тухайд аймгийн аюулгүйн нөөцөд 144 тонн бүдүүн тэжээл, 251 тонн хүчит тэжээл, 15 тонн эрдэс тэжээлийн үлдэгдэлтэй байна. Мөн 24 сум өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 598.6 сая төгрөг төсөвлөжээ. Малын гоц халдварт өвчний есөн төрлийн вакцинжуулалтад 2.1867 сая толгой мал хамрагдахаас 1.982 сая толгойг хамруулж, 90.6 хувийн биелэлттэй байна.
Цаг агаарын төлөвөөр 2026 оны арваннэгдүгээр сард нутгийн хойд, төв, зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин арванхоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим орох төлөв гарчээ.
Иймээс Баянхайрхан, Баянтэс, Тэс сумдад нэн тэргүүнд, их эрсдэлтэй таван суманд дараагийн ээлжид өвс, тэжээлийн нөөц, хадгалалт, тээвэрлэлтийн бэлэн байдлыг нэмэх, бэлчээрийн даац хэтэрсэн бүсэд малын бөөгнөрлийг бууруулах, отор нүүдлийг зохицуулах шаардлагатайг зөвлөж байна.
Түүнчлэн алслагдсан малчин өрхүүдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх. Малын индексжүүлсэн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, зудын үед хүнс, өвс тэжээл, хүмүүнлэгийн тусламжийг зорилтот бүлэгт хүргэх тээврийн хэрэгсэл, шатахуун, санхүүгийн нөөцийг урьдчилан төлөвлөхийг Онцгой байдлын газраас Онцгой комиссын гишүүдэд зөвлөсөн байна.