Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Их Британийн Персон боловсролын байгууллагын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг 2024-2026 оны хичээлийн жилд амжилттай дүүргэсэн анхны төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн боловсролын гуравдугаар түвшний үнэмлэхээ гардан авлаа.
Ингэснээр төгсөгчид мэдээллийн технологийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, практик ур чадвараа олон улсын мэргэшлийн үнэмлэхээр баталгаажуулж, гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, цаашлаад мэргэжлээрээ ажиллах боломжоо өргөжүүлж байна.
Уг хөтөлбөр нь онолын мэдлэгийг практик хэрэглээтэй хослуулж, бодит ажлын орчинд шаардлагатай ур чадварыг төсөл, бие даасан даалгавар, дадлага ажилд тулгуурлан эзэмшүүлэхэд чиглэдэг.
Суралцагчид сургалтын явцад мэдээллийн технологийн систем, вэб хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, мэдээллийн системийн удирдлага зэрэг чиглэлээр мэдлэг, чадвараа ахиулдаг.
Түүнчлэн суралцагчдын мэдлэг, чадварыг даалгавар, төсөл болон практик ажлын гүйцэтгэлээр үнэлдэг бөгөөд сургалтын чанар, үнэлгээний үйл явцад Pearson байгууллагын тогтоосон стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоог мөрддөг байна.
Энэхүү мэргэшил нь төгсөгчдөд мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмшихэд суурь болохын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломж олгодгоороо онцлогтой.
Мөн Өмнөговь аймаг уул уурхай, үйлдвэрлэл, тээвэр ложистик, үйлчилгээний салбарт эрчимтэй хөгжиж буй бүс нутаг. Эдгээр салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, цахим шийдэл, автоматжуулалт, өгөгдөл боловсруулах ур чадварын хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед орон нутагт олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн залуус эх орон, орон нутагтаа олон улсын түвшний боловсрол эзэмших, улмаар гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, цахим орчинд ажиллах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой. Энэ нь орон нутгийн хүний нөөцийг бэхжүүлэх, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой юм.