Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилгоор “Иргэдээ сонсъё, асуудал шийдье” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хариулт, тайлбар өгч, шийдвэрлэх боломж болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Өдөрлөгт Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Жадыра, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Фарида, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Р.Гүлбарим, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Нурбек, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Жадыра, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Гүлгина нар оролцож, иргэдэд мэдээлэл өгч, хууль эрх зүйн зөвлөгөө хүргэлээ.
Энэхүү өдөрлөг нь иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагад шууд уламжлах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Цаашид иргэдээ сонсож, асуудлыг нь шийдвэрлэдэг, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын төлөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа зохион байгуулагчид илэрхийллээ.