Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Стариа”, “Тоёота Ланд Крузер” маркийн түргэн тусламжийн автомашиныг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Улсын хэмжээнд гэмтэл согогийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатлалын төвийн хувьд ГССҮТ-өөс нийслэл төдийгүй хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, эмч мэргэжилтнүүдийн баг алсын дуудлагаар ажиллах зэрэгт эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин зайлшгүй чухал хэрэгцээтэй юм.
Эдгээр түргэн тусламжийн автомашиныг хүчилтөрөгчийн баллон, хийн хангамж, цахилгаан сорох төхөөрөмж, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүзүү болон толгой хамгаалах хэрэгсэл, цус тогтоох чангалуур, нярайн сэхээн амьдруулах иж бүрдэл, инвертер, старлинк төхөөрөмж, яаралтай тусламжийн цүнх, дулаан хадгалах бүтээлэг, халдвар хамгааллын хэрэгсэл, зориулалтын бэхэлгээтэй хатуу каталка, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, зөөврийн компьютероос гадна аккумлятор цэнэглэгч кабель, гэрэл ойлгогчтой аюулгүйн хантааз, солих ээлжийн дугуй зэрэг хэрэгцээт зүйлсээр тусгайлан тоноглосон байна.