Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г
gtsogzolmaa81@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын сарын 17 /МОНЦАМЭ/. Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн баталсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэж, түүнээс хойш шинэ тохиолдол бүртгээгүй тул улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлэв.
Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал, лабораторийн мэдээлэлд үндэслэн хийжээ. Шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянах юм. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран өнөөдөр албан ёсоор мэдээллээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүн, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өнгөрсөн оноос эхэлсэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох боломж бүрдсэн гэж үзэж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдварын хоёр нууц үе буюу нийт 42 хоногийн хугацаанд шинэ тохиолдол бүртгээгүй бол тухайн дэгдэлтийг таслан зогссонд тооцох боломжтой. Харин манай улсын хувьд өнөөдрийн байдлаар энэ хугацаа 84 хоногт хүрээд байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээнд зориулан 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн. Энэхүү санхүүжилтээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, халдварын тандалтыг эрчимжүүлэх, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, лабораториудыг урвалж, оношлуурын нөөцөөр хангах, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх зэрэг ажлыг зохион байгуулав. Мөн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн лабораторийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. Энэ нь цаашид халдварт өвчний болзошгүй дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангаж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, “Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ” хэмээв.
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт юм. Иймд ДЭМБ болон эрдэмтэн, судлаачдын зөвлөмжид үндэслэн вакцины товлолт хугацаандаа хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүд айл өрхүүдээр явж, хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахын зэрэгцээ өсвөр насныхны дархлаажуулалтыг ч эрчимжүүлсэн байна.
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулжээ. Нөхөн дархлаажуулалтын ажилд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн, түүнчлэн аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өргөнөөр оролцсон байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалав.