Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь Хөгнө хан уулын байгалийн нөөц газарт цоохор ирвэс автомат камерт бичигджээ. Энэ нь цоохор ирвэсийн тархцын зах хязгаарын нэгт тооцогддог тус бүс нутагт уг амьтан байршиж байгааг нотлох баримт болж байна.
Тус бүс нутаг дахь зэрлэг амьтдын тархац, байршлыг судалж, хяналтыг сайжруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Булган аймгийн Байгаль орчны газар, нутгийн иргэд хамтран 18 байршилд хөдөлгөөн мэдрэгч автомат камер суурилуулжээ. Эдгээр камерын бичлэг, зургийг энэ сарын 15-нд татаж шалгах үеэр цоохор ирвэсийн дүрс бичлэг баримтжсан байна. Энэ нь тус бүс нутагт цоохор ирвэсийг анх удаа камерт бүртгэсэн тохиолдол юм.
Булган аймгийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “Энэхүү дүрс бичлэг нь цоохор ирвэс тус бүс нутгаар түр дайран өнгөрөөд зогсохгүй, тогтвортой байршиж байж болзошгүйг харуулсан шинжлэх ухааны чухал баримт юм. Түүнчлэн тухайн бүс нутгийн экосистемийн төлөв байдал, идэш тэжээлийн нөөц, тэр дундаа аргаль, янгир зэрэг амьтдын тоо толгойн тогтвортой байдлыг илтгэж байна” хэмээлээ.
Цоохор ирвэс нь Төв Азийн өндөр уулсаар тархан байдаг, нэн ховор амьтан бөгөөд уулын экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Иймээс түүнийг байгаль орчны төлөв байдлыг илтгэгч амьтдын нэг гэж үздэг.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2021 онд танилцуулсан судалгаагаар Монгол Улсад 806-1127 буюу дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс байгааг тогтоожээ. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нурууг дамнан 328 мянган км.кв орчим нутагт тархсан байна.
Эдгээр тоон үзүүлэлтийг гаргах үндэсний хэмжээний судалгааг 2017-2020 онд хийсэн бөгөөд 10 аймгийн 29 ууланд 1400 гаруй автомат камер байршуулж, цоохор ирвэсийн тархац, байршил, хөдөлгөөнийг судалжээ.
Цоохор ирвэсийн тархац, байршлыг тогтоон судлах нь түүний амьдрах орчныг хамгаалах, хууль бус агнуураас сэргийлэх, хамгааллын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.