Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Ёс зүйн хороо, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академи болон “Канад-Монголын Мерит” төслийн хамтран зохион байгуулж буй “Төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх” уулзалт, зөвлөгөөн Дархан хотноо эхэллээ.
Төвийн бүсийн хэмжээнд зохион байгуулж буй тус уулзалт, зөвлөгөөн энэ сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Уулзалт, зөвлөгөөний зорилго нь төрийн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах, бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, мэргэшлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Мөн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга барилаар хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Төрийн албан хаагчдын ёс зүйн үзүүлэлт өмнөх онд 41.8 хувьтай үнэлэгдэж байсан бол энэ онд Монгол Улсын Их Сургуулиас хийсэн хөндлөнгийн судалгаагаар 54.2 хувьд хүрч, 12.4 нэгж хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ.
Мөн 2025 онд төрийн захиргааны 1208 байгууллагын нийт 25127 албан тушаалд хамаарах албан тушаалын тодорхойлолтыг цахим системд бүртгэсэн байна. Үүнээс 8556 албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт ороогүй бол 16571-д нь шинэчлэл, засвар хийжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах журмын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн төрийн байгууллага, албан хаагчдын зүгээс иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн, түүнчлэн төрийн албан хаагчдын ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол түгээмэл ирж байгааг ХЭҮК-ийн гишүүн онцоллоо. Тэрбээр нийт өргөдөл, гомдлын 20 орчим хувь нь төрийн албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудалтай холбоотой байгааг дурдав.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ, Ерөнхий сайдын тэргүүлдэг тус хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй юм. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, 49 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Мөн аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахдаа жендерийн статистик мэдээлэлд тулгуурлаж, төсвийн хуваарилалт нь эмэгтэй, эрэгтэй иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг харгалзан үзэх шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг өрх бүрд бодитоор хүргэж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Мөн орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд дорвитой нэмэгдээгүй байгааг дурдав.
Уулзалт, зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна. Энэ хүрээнд төрийн албанд тулгамдаж буй асуудал, иргэн, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээ, хүний эрхийн асуудлаар санал солилцох салбар хуралдаанууд зохион байгуулна.