Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г
gtsogzolmaa81@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын сарын 17 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хууль сахиулах үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн албан хаагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Уулзалтын үеэр тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаарах хоёр үндсэн чиглэлийг онцолсон юм. Тодруулбал, алба хаагчид хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хүнд сурталгүй, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгай чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллага нь нийгмийн хөгжил, цаг үеийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах ёстойг онцолж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад онцгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ. Энэ хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийг бодитой нэмэгдүүлэхэд манлайлан ажиллахаа мэдэгдсэнг ХЗДХЯ мэдээлэв.