Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр сумын нутаг дахь байгалийн голомтын 10 цэгээс хөрсний 50 дээж авч, лабораторийн шинжилгээнд хүргүүлжээ.
Төлөвлөгөөний дагуу хийсэн тус хяналт, шинжилгээгээр тухайн нутаг дэвсгэр дэх байгалийн голомтын идэвхжил болон боом өвчний халдварын эрсдэлийг тодорхойлох юм.
Мөн голомтын ойролцоо нутаглаж буй малчид, иргэдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч, сэрэмжлүүлэг бүхий гарын авлага тараажээ.

Иргэдийг өвчилсөн болон тодорхой шалтгаангүйгээр хорогдсон мал, амьтны сэг зэмтэй хамгаалалтгүй харьцахгүй байх, малын өвчлөл, хорогдлын талаар мэргэжлийн байгууллагад мэдээлэхийг зөвлөсөн байна. Мөн мал нядлах, малын гаралтай түүхий эд боловсруулах үед хамгаалах хэрэгсэл хэрэглэхийг анхааруулжээ.
Боом мал, амьтнаас хүнд халдварлах боломжтой зоонозын халдварт өвчин бөгөөд халдварласан хөрс, малын гаралтай түүхий эд, сэг зэмээр дамжин халдварлах эрсдэлтэй. Иймп байгалийн голомтын тандалт, хяналт шинжилгээг тогтмол хийх нь халдварын эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авахад чухал ач холбогдолтой юм.