Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дархан” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн төрийн байгууллагын мэргэжилтнүүд, архив, бичиг хэрэг, мэдээллийн ажилтнууд, сан хөмрөг бүрдүүлэгчид болон иргэд хамрагдаж байна. Энэ үеэр Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Мөн төрийн байгууллагын удирдлагуудын уулзалт, иргэдэд зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, цахим үйлчилгээг ашиглах мэдлэг, дадлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Дархан-Уул аймаг орон нутгийн хөгжлийг цахим технологид тулгуурлан шинэчлэх зорилгоор “Цахим аймаг” санаачилгыг өрнүүлж, энэ ажлын хүрээнд “Цахим сум” төслийг Орхон суманд хэрэгжүүлж байна.
Сургалтын үеэр аймгийн хөгжлийн бодлогыг цахим шилжилттэй уялдуулах зорилт, нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлууд, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээний хөгжил, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шийдлийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцжээ.
Мөн хиймэл оюуны ойлголт, хэрэглээ, хөгжлийн чиг хандлага болон нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хангах системийн талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгч байна.
Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс 2023 оны гуравдугаар сарын 16-нд байгуулагдсан бөгөөд өдгөө аймгийн хэмжээнд 13 “ХУРДАН” цэг, найман киоск төхөөрөмжөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Иргэдийн цахим боловсролыг дээшлүүлж, төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор өсвөр үеийнхэн, ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” клуб ажиллуулж байна. Клубүүдээр дамжуулан эдгээр бүлгийн иргэдэд цахим үйлчилгээ авах арга барил эзэмшүүлэх, цахим ур чадварыг нь сайжруулах сургалт зохион байгуулж, төрийн үйлчилгээг бие даан, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.