Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сум малын тоо толгойн албан татварын орлогоос 48.3 сая төгрөг зарцуулж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор энгийн уурхайн худгуудыг сэргээн засварлажээ
Тус сумын 2026 оны төсвийн хөрөнгөөр хөдөөгийн дөрвөн багийн найман байршилд худгийн засвар хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс Наран, Тэвш багийн нутагт 19.8 сая, Далай, Үйзэн багийн нутагт 19.5 сая, өмнө нь эхлүүлсэн худгийн засварын ажилд есөн сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, Далай багийн Их булгийн адаг, Хадны хүнхэр, Үйзэн багийн Гашуун хар, Зүүн элгэн, Наран, Тэвш багийн нутаг дахь Тал худаг, Долоон дов, Муруй зэрэг газарт худгуудыг сэргээн засварлажээ.
Засварын ажлын гүйцэтгэлийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг малчидтай хамтран шалгаж, хүлээн авсан байна.
Худгийн засварын ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу “Бүрэн хайрхан”, “Буянт бүл” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдийг түр ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоог хангажээ.
Энгийн уурхайн худгуудыг сэргээн засварласнаар бэлчээрийн усан хангамж сайжирч, мал сүргийг усаар хангах боломж нэмэгдэхийн зэрэгцээ малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, амьжиргааг дэмжих ач холбогдолтой юм.