Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /Anadolu/. АНУ-ын технологийн “Амазон” компани хиймэл оюуны ажиллагааг оновчлох чиглэлээр мэргэшсэн “Декарт” компанийн “Оптимизэйшн Стак” (Optimization Stack) цогц системийн суурь болсон технологийг худалдан авахаар тохиролцсоноо даваа гарагт мэдэгджээ.
Хэлцлийн хүрээнд “Декарт” компанийг хамтран үүсгэн байгуулагчид болох Дин Лейтерсдорф, Моше Шалев, Ориан Лейтерсдорф нар хиймэл оюун судлаачид, инженерүүдийн хамт “Амазон” компанид нэгдэх ажээ.
“Декарт”-ын боловсруулсан цогц технологи нь хиймэл оюуны загваруудын дүгнэлт гаргах үйл явц болон тусгай зориулалтын чипүүдийн гүйцэтгэлийг оновчлох зориулалттай. Ингэснээр хэрэглэгчдэд хиймэл оюуны загваруудыг богино хугацаанд, бага зардлаар сургах, ажиллуулах боломжийг олгодог аж.
“Амазон” компани “Трайниум” (Trainium) чипүүдийнхээ техник, программ хангамжийн гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр 2025 оноос “Декарт”-тай хамтран ажиллаж эхэлснээ онцолжээ.
Тус компани хэлний том загвар, олон төрлийн өгөгдөл боловсруулдаг загвар, бие даан үйлдэл гүйцэтгэх чадвартай хиймэл оюуны загвар, түүнчлэн бодит ертөнцийг загварчлахад ашиглах өөрийн бүтээсэн “Гравитон” (Graviton), “Трайниум” зэрэг чипүүдийнхээ тооцоолох хүчин чадлыг сайжруулах чиглэлээр үйл ажилагаагаа өргөжүүлж байна.
“Амазон”-д нэгдсэнээр тооцоолох хүчин чадлыг сайжруулах зорилгодоо илүү хурдан хүрэх цар хүрээ, хэрэглэгчид болон дэд бүтэцтэй болж байна хэмээн “Декарт”-ыг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дин Лейтерсдорфын хэллээ.
Зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах зэрэг хэлцлийг эцэслэн дуусгахад тавигддаг нөхцөлүүдийг хангасны дараа уг хэлцэл эцэслэн байгуулагдана гэж “Амазон” компани мэдэгдсэн байна.