Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

АСТАНА, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /Kazinform/. Одон орон сонирхогчид 11 дүгээр сарын 24-нд буюу өнөөдөр дараалан тохиох гурван “Супер сар”-ны эхнийхийг ажиглах боломжтой. Тодруулбал өнөө шөнө Мичид оддын бөөгнөрлийн ойролцоо “Минжин тэргэл сар” ажиглагдана.
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс /НАСА/ мэдээлснээр, 11 дүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэл гурван удаа Тэргэл сар гарах ажээ. “Минжин тэргэл сар” олон улсын зохицуулсан цагаар 14:53 цагт буюу Улаанбаатарын цагаар 22:53 цагт бүтэн тэргэл болно.
Сар зууван тойрог замаараа Дэлхийд хамгийн ихээр ойртох үед Тэргэл Сар гарахыг “Супер сар” хэмээн нэрлэдэг. Энэ үеэр Сар ердийн тэргэл сарнаас том, илүү тод харагддаг байна. НАСА-гийн тайлбарласнаар, “Супер сар” нь тухайн жилийн хамгийн “бүдэг” тэргэл сарнаас 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтдэг аж.
Арваннэгдүгээр сарын Тэргэл Сарыг уламжлал ёсоор “Минжин сар” хэмээн нэрлэдэг. Учир нь жилийн энэ үед минжнүүд өвөлд бэлтгэн үүрээ барьж, хоол хүнсээ нөөцөлдөг үе тул ийнхүү нэрлэжээ.
Энэ жилийн “Минжин тэргэл сар” Үхрийн ордод байрлах “Долоон эгч дүүс” хэмээн нэрлэдэг Мичид оддын бөөгнөрлийн ойролцоо харагдах тул тэнгэрт ховорхон тохиох үзэсгэлэнт дүр зураг ажиглагдана. Гэхдээ Сарны хурц гэрлээс шалтгаалан оддын бөөгнөрөл дэх одод энгийн нүдээр харагдахгүй байх магадлалтай.
Дараагийн Тэргэл Сар 12 дугаар сарын 24-нд тохиох бөгөөд энэ оны хамгийн том харагдах бүтэн сар байх төлөвтэй байна. Харин гурав дахь тэргэл сар 2027 оны 1 дүгээр сарын 22-нд тохионо.