Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 63 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Дасан зохицох сан, НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ийн Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын техникийн туслалцаатай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг малчин” төслийн нээлт боллоо.
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжүүлэх “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин)” төслийн нээлтэд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Төслийн хүрээнд Баянхонгор болон Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий бүсэд оршин суугаа 4000 орчим малчин өрхөд шууд хүртээмжтэй байх, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь цөлжилт, хатуу ширүүн өвөлжилт, ган, шар шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөлөлд хамгийн их өртдөг бөгөөд малчдын амьжиргаа бараг бүрэн хэмжээгээр мал аж ахуй, бэлчээрийн нөөцөд тулгуурладаг. Тэгвэл энэхүү төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгоно.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, “Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд “Ухаалаг малчин” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны судалгаанд үндэслэн дөрвөн сумыг сонгосон. Төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Эхнийх нь малчид зуд, ган зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлийг хэрхэн малын хорогдолгүй гарз багатай давах вэ гэсэн сайн жишгийг нэвтрүүлж, бусад аймагт үлгэрлэхээс гадна ноос ноолуур, арьс шир бэлтгэх цэг байгуулна. Хоёрдугаарт, малчдад зөв мэдээлэл түгээх, сошиал медиа, хэвлэл мэдээлэл, малчдад уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах юм” хэмээн ярилаа.

Харин НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума, “Манай сан нь хөдөө орон нутаг болон алсалсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр дагнан ажилладаг цорын ганц олон улсын байгууллага юм. Үүнтэй холбоотой Монголын хөдөө орон нутаг, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа бүсийн иргэдэд анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн дундаж оноо 1.7 байдаг. Гэтэл сонгогдсон хоёр аймгийн дөрвөн сумын бүс нутаг нь 2.2 оноо авчээ. Энэ нь дэлхийн дунджаас маш өндөр гэсэн үг. Тиймээс тухайн бүс нутагт амьдардаг малчин айл өрх, иргэд болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр шим нь тодорхой хэмжээнд нэрвэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Олон улсын дасан зохицох сангийн буцалтгүй тусламжаар энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Гол зорилго нь сонгосон хоёр аймгийн дөрвөн сумын малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэх, малаас гарах бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, амьжиргаагаа залгуулах боломжийг олгоход оршиж байгаа юм” гэв.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, “Манай аймгийн эдийн засгийн 60 хувь нь мал аж ахуйд тулгуурласан байдаг. Мөн малын тоо толгойгоор улсдаа дээгүүрт ордог. Гэвч мал аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл дутмаг. Аймгийн хэмжээнд мах ангилан бэлтгэх ганцхан цэг байна. Тэгвэл “Ухаалаг малчин” төслийг манай аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд сонгосон хоёр аймагт “Цагаан алт” хөтөлбөрийн цэг байгуулна. Мөн малчид маань сүү, цагаан идээг жижиг цехүүдээр дамжуулан боловсруулах чадавхад суралцана. Нийт нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтыг манай аймгийн сонгогдсон хоёр суманд хийх юм. Нийт 2000 орчим малчин өрхийг хамруулах тооцоол гарсан. Энэ төсөл амжилттай болбол ийм жишгээр бусад сумандаа ч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Манай аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Ухаалаг малчин” төслийг хэрэгжүүлнэ. Өнөө цагт малчид хэрхэн ухаалаг амьдрах вэ, асуудлаа шийдэх вэ гэсэн чиглэлээр иж бүрэн жишиг төсөл хэрэгжинэ. Гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжвэл зөвхөн Баянхонгор, Дундговиор тогтохгүй дараачийн аймгуудыг сонгоод явах юм билээ. Энэ хоёр сумыг төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө сонгосон. Гэхдээ цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдал зэргийг харгалзсан байх. Манай аймгаас сонгосон сумдын тухайд Баянлиг нь говь, Бууцагаан нь хангайн бүсийнх. Баянлиг суманд тэмээ, Бууцагаан ямаанаас гарах бүтээгдэхүүнийг өнөө цагт хэрхэн ухаалгаар боловсруулж, зах зээлд гаргах вэ гэдгийг хэрэгжүүлэх юм. Хөдөөд малчид эрс цөөрч байна. Тэгвэл хөдөө мал маллахын сацуу амьдралаа сайжруулж, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэн орчин үетэйгээ яаж хөл нийлүүлэх вэ гэдгийг л гол зорилгоо болгон дэвшүүлж ажиллана” гэж ярилаа.
“Ухаалаг малчин” төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд сонгосон хоёр аймгийн дөрвөн суманд нийт 2.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.
Ингэснээр төсөл хэрэгжих зорилтот бүс нутгийн малчин өрхүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үүсэж буй сорилтуудад дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх, Монголын мал аж ахуйн салбарт уур амьсгалын дасан зохицох загварыг тодорхойлон хэрэгжүүлж, зорилтот бүс нутгийн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадавх, үйлдвэрлэлийн үр ашиг, амьжиргааны баталгааг нэмэгдүүлэх үндсэн зорилготой ажээ.
Энэ хүрээнд усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, оролцоонд суурилсан мэдлэг, туршлага солилцох тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдолтой ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн уур амьсгалд тэсвэртэй бэлчээр ашиглалт болон тэжээл үйлдвэрлэлийн арга технологийг хөгжүүлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, холбогдох бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх мэдлэгт суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлэхийг төсөл хэрэгжүүлэгчид ярилаа. Үүнээс гадна малчдын чадавхыг бэхжүүлэхэд голлон анхаарч, иж бүрэн сургалт болон мэдлэг олгох үйл ажиллагаагаар дамжуулан тэднийг зөвхөн нөөцөө оновчтой удирдах чадвартай болгоод зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг даван туулахад шаардлагатай чадавх, боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Үр дүнд нь тогтвортой мал аж ахуйг хөгжүүлж, малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулан, дэлхийн тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадавхыг бий болгох хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм.


