Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол нийгэмлэгийн 2026 оны Монгол судлалын ээлжит хурал АНУ-ын Вашингтон мужийн Беллингхем хотноо Баруун Вашингтоны их сургуульд энэ сарын 2-3-нд болов.
Энэ удаагийн хурал Монгол нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Баруун Вашингтоны их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Хэнри Шварцийн үйл хэрэг, монгол судлалд оруулсан хувь нэмэр, судалгааны өвийн талаар тусгайлан хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байв.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хуралд биечлэн болон цахим хэлбэрээр Монгол, АНУ болон бусад орны 23 гаруй судлаач түүх, хэл шинжлэл, соёл урлаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хурлыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Монгол нийгэмлэгийн Ерөнхийлөгч Майкл Клечески нар үг хэлсэн юм. Элчин сайд Ө.Батбаяр ЭСЯ-наас Монгол судлалын залуу халааг бэлтгэх, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлсэний зэрэгцээ АНУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд Монгол нийгэмлэг, их сургуулиуд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хэлхээ холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээллээ.

