Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ сарын 12-13-нд болно.
Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцох бөгөөд тэд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол, туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцах юм.
Чуулга уулзалтын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлт гаргах юм.
Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл аж. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээ.
Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор УИХ, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулах юм.