Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

АНКАРА, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /ANADOLU/. Исламын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй Дэлхийн 12 дахь удаагийн халал дээд хэмжээний уулзалт, Halal Expo үзэсгэлэн өнөөдөр Истанбул хотноо эхэлж байна.
Халал эдийн засаг гэдэг нь Исламын шашны хууль, ёс зүйн зарчимд нийцсэн хүнс, санхүү, аялал жуулчлал, гоо сайхан, эмийн үйлдвэрлэл, хувцас загвар зэрэг салбаруудыг хамарсан дэлхийн зах зээл юм.
Туркийн Худалдааны яамнаас мэдээлснээр, энэ удаагийн уулзалт, үзэсгэлэн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы ивээл дор болж байна.
Энэ удаагийн "Тогтвортой халал эдийн засаг: Алдагдлыг бууруулах ба өсөлтийг дэмжих нь" уриан дор явагдах дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэлхийн худалдаанд халал салбарын гүйцэтгэх үүрэг, олон улсын стандарт боловсруулах, баталгаажуулалт болон магадлан итгэмжлэх үйл явц, тогтвортой үйлдвэрлэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудад гол анхаарлаа хандуулах болно.
Энэ удаагийн уулзалт, үзэсгэлэнд нийт 225 компани оролцохоос 153 нь Туркийн, 72 нь гадаадын компаниуд юм. 11 улс үндэсний павильоноо байрлуулахаас гадна 14 улсын төлөөлөгчид үзэсгэлэнд хувиараа оролцоно.
Уг арга хэмжээ нь халал хүнс, гоо сайхан, эм, аялал жуулчлал, санхүү болон холбогдох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэг дор цуглуулах бөгөөд бизнесийн шинэ харилцаа тогтоох, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, улс орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Дэлхий даяарх хоёр тэрбум гаруй мусульманчуудыг хамарч буй хэрэглээний зах зээл нь халал эдийн засгийг дэлхийн худалдааны өсөлтийг хангах хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг болгож байна.
2024 онд халал хүнс, лалын шашинтнуудад ээлтэй аялал жуулчлал, консерватив хувцасны загвар, халал эм, гоо сайхны бүтээгдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлийн салбарт (Исламын санхүүг тооцохгүйгээр) зарцуулсан мөнгөн дүн 2.6 их наяд ам.долларт хүрсэн бол Энэхүү 2029 он гэхэд 3.56 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, Исламын санхүүгийн тогтолцооны нийт хөрөнгийн хэмжээ 6 их наяд ам.долларт хүрээд байна.