Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас гаргасан өвлийн улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн, зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Нэг, хоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй. Иймд хур тунадас нэмэгдэж, цас зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтнээс шалтгаалан мөстөх, зам даваа халтиргаа гулгаатай болох нөхцөл бүрдэж, мал бэлчих, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг тухай бүрт авч байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.
Агаарын дундаж температур 12 дугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Харин нэгдүгээр сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим хүйтэн, бусад нутгаар дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй бол нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох ажээ.