Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ЖЕНЕВ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /Kazinform/. Женевийн ойролцоох Колони хот дахь Мартин Бодмерын сангийн байранд сонгодог шатрын 2026 оны дэлхийн аварга цолны төлөөх тоглолт эхэллээ.
Энэтхэгийн их мастер 20 настай Гукеш Доммаражу болон түүнтэй нас чацуу өрсөлдөгч Узбекистаны шатарчин Жавохир Синдаров нарын эхний өрөг тэнцээгээр өндөрлөж, тооны харьцаа 0.5:0.5 болов.
Цагаанаар тоглосон Синдаров өргийг испани гараагаар эхлүүлсэн бол Гукеш найдвартайгаар нь "берлин хамгаалалт"-ыг сонгож, хариу барив. Найм дахь нүүдэл дээр тэд бэрсүүдээ солилцож, шатрын онолын алдартай "берлиний төгсгөл"-д шилжсэн байлаа. Өрсөлдөгч нь 13 дахь нүүдэл дээр шинэлэг хувилбар ашигласан боловч дэлхийн аварга Гукеш алдаа гаргасангүй. Нийт 3 цаг 37 минут үргэлжилсэн гарааны өрөг 38 дахь нүүдэл дээр байрлал гурван удаа давтагдсанаар өндөрлөлөө.
Энэ удаагийн халз тоглолт нь 140 жилийн түүхтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн дотроос хамгийн залуу оролцогчидтой тэмцээн гэдгээрээ онцлог юм. Синдаров, Гукеш нар хоёулаа 20 настай.
2.5 сая долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд оролцогчид сонгодог 14 өрөг тоглоно. Дэлхийн аварга цолыг хүртэхийн тулд их мастеруудын аль нэг нь 7.5 оноо авах шаардлагатай. Хэрэв үндсэн өргүүдийн дараа оноо тэнцсэн тохиолдолд 12 дугаар сарын 12-нд болох нэмэлт тоглолтоор (тай-брейк) дэлхийн аваргыг тодруулна.
Дараагийн хоёр дахь өрөг өнөөдөр буюу лхагва гарагт болох бөгөөд Гукеш цагаанаар тоглоно.