Төв аймгийн Зуунмод суманд "Төрийн дуулал"-ын хөшөөний шав тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-19 13:11:49

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж “Монгол Улсын Төрийн дуулал”-ын ая бүтсэн түүхтэй юм байна. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд зориулж үг бичих даалгавар тухайн үедээ өгчээ.

Монгол Улс 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсны “Төрийн дуулал”-ыг орон даяар эгшиглүүлсэн түүхтэй гэнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумаас төрсөн алдартай суу билигт хөгжмийн зохиолчдоороо хойч үе нь бахархах, тэдний үйл хэргийг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол улсын Төрийн дуулал”-ын гэрэлт хөшөөний шав тавих ёслол болно. Мөн Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарт зориулсан “Алдарын танхим” байгуулжээ. Түүний нээлтийн ёслолыг  мөн өдөр хийхээр төлөвлөжээ.
Энэ өдөр Монгол Улсын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан “Хүндэтгэл”-ийн концерт тоглож, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Их зохиолч Д.Нацагдорж нарын уран бүтээл “Учиртай гурван толгой” дуурь аймгийн "Монгол туургатан" театрт тоглоно гэж нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг мэдээллээ.

Төв аймгийн Сэргэлэн сумаас мэндэлсэн МУ-ын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн, МУ-ын ардын жүжигчин,  төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нарын амьдрал, уран бүтээлээр "Онол практик"-ийн бага хурлыг ирэх 5 дугаар сард зохион байгуулах юм байна.

Мөн хүүхэд багачууд хойч үедээ тэдний намтар, уран бүтээлийг сурталчлах, үлгэрлэн бахархуулах үзлийг төлөвшүүлэх зорилготой цэцэрлэг, сургуулийн хичээлийн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө Монгол Улсын "Төрийн дуулал"-ыг дуулж хэвшүүлэх аян өрнүүлэх,  5-8 дугаар ангийн сурагчдын дунд урлагийн булан нээн ажиллуулах, ахлах ангийн дунд эссэ бичлэгийн уралдаан зохиох ажлуудыг төлөвлөөд байгаа ажээ.

Холбоотой мэдээ