Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал сумын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын үзүүлэг, дэглэлтийг шинэчлэн, нутгийн түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах орчныг сайжруулжээ.
“Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Ургамал сумын ЗДТГ-ын санхүүжилтээр аймгийн музейн мэргэжлийн баг сумын Соёлын төвийн ажилтнуудтай хамтран үзүүлэг, дэглэлтэд шинэчлэл хийжээ.
Ургамал сумын Орон нутаг судлах музей нь 1975 онд нутгийн иргэдийн санаачилга, оролцоотойгоор 25 үзмэртэй байгуулагдсан түүхтэй. Тухайн үед сумын иргэд өөрсдийн эд өлгийн зүйлсийг хандивлан, музей байгуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь нутгийн түүх, соёлын өвийг цуглуулж, хадгалан хамгаалах эхлэлийг тавьжээ.
Тус музей 1987 онд ерөнхий боловсролын сургуулийн харьяанд шилжсэн боловч 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үеэр эзэнгүйдэж, үзмэрүүд нь үрэгдэн алга болжээ. Харин 2007 онд орон тооны ажилтантай болсноор орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан музейн үйл ажиллагааг дахин сэргээсэн байна.
Өдгөө тус музей 69 дэсийн 204 үзмэр, эд өлгийн зүйлтэй бөгөөд жилд 200 гаруй хүнд үйлчилж байна.
Сонирхуулахад, Ургамал сумын 230 хүний суудалтай шинэ Соёлын төвийн барилгыг энэ сарын 4-нд улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Тус барилга нь урлаг, соёлын үндсэн танхимаас гадна орон нутаг судлах музей, нийтийн номын санг нэг дор байрлуулснаараа онцлог юм.
Ийнхүү орон нутаг судлах танхимын үзүүлэг, дэглэлтийг шинэчилснээр, Ургамал сумын түүх, уламжлал, эд өлгийн өвийг хадгалан хамгаалах, хүүхэд, залуучуудад өвлүүлэн таниулах, иргэдийн эх орон, нутаг усаа хайрлан бахархах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой талаар Завхан аймгийн музейгээс мэдээллээ.