“Улаанбаатарын өнгө 2019” уралдаанд шалгарсан бүтээл олон улсад хэвлэгдэн гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2019-06-12 16:47:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ном унших нь хүүхдийн хөгжилд туйлын чухал ач холбогдолтойг бид хэлүүлэлтгүй мэднэ. Амжилтанд хүрэхэд нь туслах ур чадварыг суулгаж, өөртөө итгэх байдлыг бий болгож, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад туслах гээд ач холбогдлыг нь тоочоод баршгүй.  Гэвч нэг асуулт бий. Бид хүүхдийн номыг хэр сайн мэдэх билээ?


Монголд борлуулагдаж буй хүүхдийн номын дийлэнх нь орчуулгын бүтээл байдаг. Монгол зохиолчдын бүтээл багахан хувийг эзэлнэ. Тэр дундаа өнгөрсөн жил “Shark Tank”-д орж номоо хэвлүүлсэн бяцхан охин Д.Индраг эс тооцвол зохиолч хүүхдийн бүтээл гэж бараг байхгүй болов уу.


Тиймээс өнгөрсөн жил “Нэпко” хэвлэлийн газраас 8 настай канад хүүгийн бичсэн Жаалхүү Эллиотын Үлэгг үрвэлийн гарын авлага” бүтээлийг орчуулан, хэвлэн гаргаж байсан. Хичээл дээрээ үлэг гүрвэл судлах даалгавар авсан жаалхүүгийн гэрийн даалгавар эцэстээ баяжин баяжсаар бүтээл болж олон хэлнээ орчуулагдсан байна. Хүүхэд хүүхэддээ зориулсан энэ бүтээлээс санаа авч, хүүхдийн номоор дагнасан “Нэпко Кидс” хэвлэлийн газраас “Улаанбаатарын өнгө 2019” уралдааныг хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд зарлалаа.  


Хүүхдийн сэтгэхүйн цар хүрээ хязгааргүй. Иймд уралдааныг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын чөлөөтэй сэтгэх хүрээг хязгаарлахгүйн тулд ямар сэдэв оноогоогүй байна. Тус уралдаан нь “Хүүхэд ба насанд хүрэгчид” гэсэн 2 ангиллаар явагдах бөгөөд 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авах ажээ.


Мөнхүү уралдаанд оролцогчидод зориулсан хүүхдийн ном хэрхэн бичих тухай зөвлөмж, шүүгч болон зохиолчдын зүгээс өгөх зөвлөгөө, “Хөх нар” ТББ-тай хамтарсан хүүхдийн номын зураг хэрхэн зурах тухай сургалт болон бусад холбогдох мэдээ, мэдээлэл, хуваарийг цаг тухайд нь “facebook.com/nepkokids” пэйж хуудаснаас авах боломжтой.


Уг уралдаан нь шинэ залуу авьяастнуудыг илрүүлэх, ном унших соёлыг түгээх, цаашлаад шалгарсан монгол зохиолчдын бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилготой юм. Тиймээс ч монгол зохиолчдын бүтээлийг олон улсад гаргах үүднээс тухайн орны зах зээлийг ойлгодог, энэ салбарт мэдлэг туршлагатай, олон улсын номын үзэсгэлэн, фестиваль, төсөл хэрэгжүүлдэг нэр хүндтэй 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй явагдах гэнэ. Каролина Баллэстэр нь БНХАУ-ын Шанхай хотноо жил бүрийн 11 дүгээр сард зохион байгууллагддаг томоохон хүүхдийн номын үзэсгэлэн болох Шанхайн олон улсын хүүхдийн номын үзэсгэлэнгийн зохион байгуулагч, менежер юм байна.  Тэгвэл дараагийн шүүгч нь Словенийн “KUD Sodobnost” хэвлэлийн газрын Олон улсын төсөл хариуцсан менежер КатяКак бөгөөд  “Бидний бяцхан номын сан” нэртэй Европын 5 орон хамтран хэрэгжүүлдэг төслийн зохион байгуулагч ажээ. Мөн 2000 гаруй зохиолч төлөөлдөг Туркийн хамгийн том агентлаг болох “Калем” агентлагийн захирал Нэрмин Моллаоглу бүрэлдэхүүнд багтсан байна. Тэрээр жил бүрийн хавар Истанбул хотноо зохиогддог нэрт зохиолч Хамди Танпинарын нэрэмжит олон улсын номын фестивалийн зохион байгуулагч гэнэ.


“Улаанбаатарын өнгө 2019”  хүүхдийн ном туурвих анх дугаар уралдаан нь 25 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд “Хүүхэд ба насанд” хүрэгчид ангилал тус бүрт 3 буюу нийт 6 ялагчийг тодруулж, ялагчдын бүтээлийг ивээн тэтгэгч “Мөнхийн үсэг” компани монгол уншигчиддаа толилуулан хэвлэж өгөх, мөн ивээн тэтгэгч “PC Мall болон “Монголын ном соёлын төв” ТББ-ын шагналуудыг гардуулна.


Дашрамд өгүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс эхний ээлжинд шалгарсан бүтээлүүдийг 8 сарын 21-ээс 25-ны өдрүүдэд болох “Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн”-д албан ёсоор олон улсын хэвлэлийн компаниудад танилцуулах бол 2019 оны 11 сард мөн “Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэн”-д танилцуулах, Нэпко болон “Нэпко Кидс” хэвлэлийн газраас олон улсын дэмжигч болон хамтран ажиллагч байгууллагуудаар дамжуулан сурталчлах ажлуудыг үргэлжлүүлэн хийх ажээ.

 

 

Холбоотой мэдээ