Илэрсэн зөрчлийг богино хугацаанд арилгах боломжийг олгож байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-07 09:51:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах төв комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

МХЕГ-ын дарга  Н.Цагаанхүүгээр ахлуулсан тус ажлын хэсгийнхэн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулахмэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын  зохион байгуулалтын явц байдлыг тогтоон дүгнэх зорилготой ажиллаж байгаа гэв.

Мөн ажлын хэсгийнхэн энэ удаа тухайн албан хаагчийг шалгах бус төрийн байгууллага руу голлон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах аж. Мөн шалгалтад хамрагдах байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар сугалаа сугалж авах бөгөөд босоо удирдлагатай байгууллагууд руу түлхүү анхаарч ажиллана хэмээн тус ажлын хэсгийн гишүүн Архивын Ерөнхий газрын албаны дарга Д.Цэндсүрэн хэллээ.

Төрийн архивын улсын үзлэгт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, аймгийн болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд хамрагдах юм. Энэхүү шалгалтыг Монгол Улсын ХЗДХЯ-наас зохион багуулж байгаа бөгөөд ХЗДХ-ийн Сайдын баталсан удирдамжийн хүрээнд 96 үзүүлэлтээр дүгнэх ажээ. Үзлэгээр албан бичгийн стандарт, горим, хүний нөөц, найруулга зүй гээд бүхий л холбогдолтой зүйлийг шалгахаас гадна төрийн албаны шинэчлэлтийн хүрээнд НҮБ-аас тодорхой хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай холбогдуулан үзлэгийн нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөвлөмж гаргаад аймаг, орон нутаг, шалгагдсан байгууллагуудад хүргүүлнэ хэмээн ажлын хэсгийн ахлагч Н.Цагаанхүү хэллээ. Мөн энэ удаагийн шалгалтын бас нэг онцлог нь шалгалтын явцад илэрсэн зөрчлөө богино хугацаанд арилгах боломжийг олгож байгаа гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг үндэслэн зохион байгуулж буй эл үзлэг нь дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой юм.  

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 208 төр төсвийн байгууллагад 6050 төрийн албан хаагч үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.    

Холбоотой мэдээ