Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны түүхийг гэрэл зургаар толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-27 11:41:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Белгийн Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд, Европын Комисс, Европын Зөвлөл, Европын Парламент, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нар оролцсон байна.


Энэ үеэр Элчин сайд О.Оч Европын холбоо нь Монгол Улсын Гадаад бодлогын чухал ач холбогдолтой “гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэж, цаашид бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсан. Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн зэрэг нь үүний тод илрэл юм. Монгол Улсад Европын холбооны гишүүн улсууд 1990 оноос хойш нийт 3.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 13 орчим хувь юм. Мөн Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээн дэх хөгжлийн санхүүжилтийн хэмжээ 163.6 сая еврод хүрсэн" гэжээ.



Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцсон байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид үндэсний ая дууны мэндчилгээ дэвшүүлж,  Монгол Улс, Европын холбооны түүхэн харилцаа, Монгол Улсын онгон дагшин байгаль, ан амьтан, ёс заншил, Энхийг дэмжих ажиллагаа зэрэг сэдвийн дор нийт 35 гэрэл зургийг толилуулж байна. Үзэсгэлэн ирэх сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ