Японы хөлбөмбөгийн холбооны цахим хуудаст манай багийн тухай бичжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-04 07:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы хөлбөмбөгийн холбооны цахим хуудаст манай багийн тухай бичихдээ: "Энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр “Цэнхэр Самурай”-нууд “Катар-2022” Хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багийн эсрэг хийж 2:0-ээр буулган авсан.


Тус шигшээ 10 дугаар сарын 10-ны өдөр “Сайтама 2002” олимпын цэнгэлдэхдээ Монголын шигшээ багийг хүлээн авахаар бэлдэж байна. Эхний тоглолтоосоо урам зориг авсан “Их наран” улсын шигшээ баг энэ тоглолтод ч шилдэг тоглолтоо үзүүлэхээр эрмэлзэх нь гарцаагүй.


Түүхэндээ анх удаа Японы шигшээ багийн эсрэг тоглох гэж байгаа Монголын хувьд есдүгээр сард дэлхийн аваргын хоёр тоглолтыг талбайдаа хүлээн авч чансаа дээгүүр хоёр багтай өөрийн талбайд тоглосон. Тэд эхний тоглолтдоо Мьянмарын шигшээ багийг 1:0-ээр буулган авсан бол хоёр дахь тоглолтдоо Тажикистаны шигшээд 0:1-ээр хожигдсон юм. Монголын шигшээ баг өмнө ДАШТ болон Азийн АШТ-ний сүүлийн шатанд тоглож байгаагүй ч урьдчилсан шатанд тэд үзүүштэй тоглолтыг гаргасан юм. Монголын багийн дасгалжуулагч Майкл Вайсс, Азийн Хөлбөмбөгийн Холбооны сайтад өгсөн ярилцлагадаа, эдгээр тоглолтыг “Монголын хөлбөмбөгийн спортын хөгжлийг нэг шат ахиулсан тоглолт боллоо” хэмээн онцолсон байна.


Японы эсрэг тоглохдоо Монголын шигшээ баг хамгаалалтдаа анхаарах нь дамжиггүй. Тус шигшээ багийн хаалгач Батсайхан овогтой Ариунболд тун найдвартай гэдгээ харуулсан бол арын шугамнаас тоглогчид нь аюултай хурдан довтолгоонуудыг эхлүүлж эсрэг багийн хамгаалалтын ард зай гаргаж чадахыг бид харсан. Жигүүрийн тоглогчид болох Артагийн Нармандах, Сэр-Од-Янживын Ганхуяг нар хөндлөн дамжуулалтуудыг өгдөг. Харин довтлогч Оюунбаатарын Мижиддоржоос ямар ч багийн хамгаалагч хараагаа салгаж болохгүй.


Монголын багийг хуучнаар “Киото Санга”-г удирдаж байсан Герман мэргэжилтэн Вайсс дасгалжуулдаг. Тэрбээр “Киота Санга”-гийн хамтаар 2002 онд 82 дахь удаагийн “Эзэн хааны цом” тэмцээнд түрүүлж байсан бөгөөд түүний багт Дайсукэ Мацуи, Парк Жи Сунг нар тоглодог байсан юм" гэжээ.

Холбоотой мэдээ