Чойбалсан хотод хоёр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-10-08 10:22:29

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр цэцэрлэг үүд хаалгаа нээж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн боллоо. Тодруулбал, Хэрлэн сумын 1 дүгээр багт 120, 6 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг энэ сарын 7-нд нээлтээ хийсэн юм.

Хэрлэн сумын 1-р багт байрлах 18 дугаар цэцэрлэг 5 бүлэгтэй 120 хүүхдийн хүчин чадалтай 23 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Харин Хэрлэн сумын 6 дугаар багт шинээр ашиглалтад орж буй 17 дугаар цэцэрлэг нь 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 24 багш, ажилтантай. Тус цэцэрлэгүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, аймгийн төсвийн хөрөнгийн дэмжлэгээр дотоод тохижилтоо шийдвэрлэжээ. 

Энэ хичээлийн жилд тус аймагт төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 7 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 87 хувийг хамруулж байгаа бол аймгийн удирдлагууд ирэх онд нийт хүүхдийн 90 орчим хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Х,Болорчулуун  болон албаны хүмүүс, эцэг, эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ