"Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах" тэмцээн Дундговь аймагт боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-14 13:13:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Үндэсний бөхийн 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах" 56 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 12,13-нд Дундговь аймагт зохион байгууллаа. Уг тэмцээн тус аймагт анх удаагаа болж байгаагаараа онцлогтой ажээ.

Тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн бөхийн холбоо хамтран зохион байгуулжээ.

Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн 16, 17, 18  насны ангиллаар болж, 21 аймаг, 9 дүүргийн 90 бөх оролцож, уран мэхийг уралдуулан хүч чадлаа сорин өрсөлджээ.

Тус тэмцээнд багийн дүнгээр Ховд аймгийн баг тамирчид түрүүлж,  Нийслэлийн  Хан-Уул дүүрэг, Увс аймгийн баг тамирчид удаалсан байна.

Тэмцээний 16 насны ангилалын эхний гурван байранд  Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Түвдэндорж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн бөх  Н.Батмөнх, Сүхбаатар аймгийн тамирчин Д.Бямба-Эрдэнэ нар шалгарсан бол 17 насны ангилалд Увс аймгийн тамирчин Г.Баянмөнх, Ховд аймгийн тамирчин  Г.Батзориг, Чингэлтэй дүүргийн тамирчин Ш.Энхбаясгалан нар бусдыгаа хошуучиллаа.

Харин 18 насны ангилалд Баянхонгор аймгийн тамирчин  Э.Батмагнай, Хан-Уул дүүргийн тамирчин Б.Ганхүлэг, Багануур дүүргийн бөх Б.Цогт нар тэргүүн байруудыг эзэлсэн байна.

Тэмцээний үеэр “Уран гараа дэвээ” бүхий бөх, “Уран барилдаанч”-ийг насны ангилал тус бүрээс шалгаруулахад “Уран гараа дэвээ” бүхий бөхөөр Чингэлтэй дүүргийн бөх З.Эрхэмбаяр, Булган аймгийн бөх Ц.Мөнхбаяр, Багахангай дүүргийн бөх Т.Мөнх-Ёндон нар тодорсон бол “Уран барилдаанч”-аар Увс аймгийн бөх Л.Чинбаяр, Хэнтий аймгийн бөх Э.Уугангэрэл, Төв аймгийн бөх Н.Баярбаатар нар шалгарчээ. 

Холбоотой мэдээ