“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-10-17 12:50:12

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд болох Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг хойд нутгийн Саппоро хотод зохион байгуулах талаар хэлэлцэж байна гэж Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдээлжээ.


Японы хамгийн хойд нутгийн Хоккайдо мужийн Саппоро хотод сэрүүн цаг ууртай байдгийг ОУОХ-ны мэдэгдэлд онцолсон байна. Тус хотын долоо, наймдугаар сарын агаарын температурыг Токио хотынхтой харьцуулахад 5-6 хэмээр бага байдаг аж. Мөн Саппоро хотод 1972 оны Өвлийн Олимпыг зохион байгуулж байжээ.


“Тамирчдын эрүүл мэнд, сайн сайханд ОУОХ үргэлж анхаардаг бөгөөд марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг зохион байгуулах газрыг өөрчлөх санал үүнийг батлан харуулж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах хэлсэн байна.


Олимпын наадмын үеэр тамирчид асар их хүчин чармайлт гаргадаг тул тэдэнд хамгийн сайн нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Т.Бах нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ