Төв аймгийн 2019 оны төсвийн орлого 4 тэрбумаар давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-11-05 13:44:22

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 15 дугаар хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” тэнхимд боллоо.

Аймгийн ИТХ-аар есөн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх аймгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2020-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл батлах, аймгийн 2019 оны төсвийн гуравдугаар улирлын гүйцэтгэл, аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдааны 2019 оны төсөв батлах, 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрийн төсөл боловсруулах, аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, мэдээллийн технологийн парк байгуулах төсөлд санал өгөх, ажлын хэсэг байгуулах, төрийн дээд одон медальд уламжлах, төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн судалгааг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хурлаар хүүхэд хөгжлийн асуудлаар энэ онд хийсэн ажлын талаарх Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газрын тайланг сонсож, амжилттай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна.

Төв аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл эхний гурван улирлын байдлаар гурван шатны орлогын төлөвлөгөө 120 гаруй хувиар биелжээ. Өөрөөр хэлбэл сум, орон нутаг, аймагт 4 тэрбум гаруй төгрөгөөр орлого давж биелсэн дүн мэдээ гарсан хэмээн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Р.Болд мэдээлэл өглөө. 

Аймгийн хэмжээнд ИТХ-ын тэргүүлэгчдэд 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл төрийн дээд одон, медальд нэр дэвшүүлэх материал, тодорхойлолт 900 гаруй иржээ. Үүнээс ИТХ 368 иргэний материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлан, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнуулсан байна. Энэ жил Борнуур болон Угтаал цайдам сумаас гурван иргэнийг "Алтан гадас" одонд тодорхойлон ирүүлсэн материалыг хэлэлцээд,  ЕТГ-т уламжлахаар болжээ.

Холбоотой мэдээ