Завхан аймагт цөм сүрэг 580.2 мянган толгойд хүрчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-06 17:08:20

Завхан /МОНЦАМЭ/. Малчид малынхаа чанарт анхаарч өнгөрсөн жилийн байдлаар шилмэл хээлтүүлэгчийг ашигласнаар Завхан аймагт цөм сүрэг 580.2 мянган толгойд хүрчээ.

Учир нь малчид шилмэл хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг тогтолцоо бүрдэж, улмаар малын чанар сайжирч, малчдын орлого ч нэмэгджээ.
Малчид сайн үүлдрийн эцэг малыг мэргэжлийн байгууллагуудын судалгаанд үндэслэн холын аймгаас тээвэрлэн авдаг болсноор малын чанар, үүлдэр сайжирч мах, сүүний гарц нэмэгддэг байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн багаж хэрэгслийг төслөөс Завхан аймагт өнгөрсөн жил нийлүүлсэн нь ч цөм сүргийн өсөлтөд нөлөөлжээ.

Төсөлд хамрагдсан сумдын бог малын чанар сайжирч, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо хэвийн хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн жил Завхан аймгийн цөм сүргийн нийт малаас Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа гэхэд 580.2 мянган толгойд хүрч өсжээ. Энэ мэтээр хөдөө аж ахуйн маркетинг төслийн үр дүнд малчид шилмэл хээлтүүлэгчийг дам яриа, ухуулгаар энд тэндээс авахгүйгээр зөвхөн мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг болсон байна. Мөн малын чанар сайжирснаар дотоодын худалдан авалт илүү болжээ.

Завхан аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд ХАА-н салбарт бодит үр дүнгээ өгсөн олон томоохон ажлууд хийгдээд байгаагийн нэг жишээ нь энэ юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 38 дэд төсөл хэрэгжиж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Завханд хийжээ. Мөн төслийн хүрээнд Завханы 11 сумын малын эмч нар мотоциклтой болж малын ариутгал халдваргүйтгэл, тарилга туулга хийх зэрэгт ашиглах зөөврийн хашаатай болсон тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ