Дэлхийн хамгийн том цахилгаан онгоц анхны нислэгээ үйлджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-09 14:04:15

ВАШИНГТОН. /NBC News/. Дэлхийн хамгийн томд тооцогдох, цахилгаан хөдөлгүүртэй “Cessna 208B Grand Caravan” онгоц Вашингтон муж улсын Мозес нуурийн дээгүүр анхны нислэгээ үйлджээ.


Уг онгоц 2500 футын /756 метр/ өндөрт 28 минут нисэхдээ хэд хэд эргэлт хийсэн байна.


“MagniX” компани энэ онгоцыг түлш биш харин цахилгаан хөдөлгүүртэй болгожээ. Хөдөлгүүр нь 750 морины хүчин чадалтай байна. Уг онгоцыг дахин тоноглох ажлыг Канадын агаарын тээврийн "Harbour Air" компанийн захиалгаар гүйцэтгэжээ. Ванкуверт төвтэй, Номхон далайн баруун хойд хэсэгт богино нислэг үйлддэг тус компани 2018 онд "MagniX" компанитай "Magni500" хөдөлгүүртэй онгоцуудаа дахин тоноглох гэрээ байгуулжээ. “MagniX” нь цахилгаан нисэх онгоцонд зориулж цахилгаан хөдөлгүүр үйлдвэрдэг компани юм. Сингапурын хөрөнгө оруулагч "Clermont Group" эзэмшдэг тус компанийн төв нь АНУ-ын Вашингтон, Редмонд хотод байрладаг бөгөөд Австралийн Квинсленд хотод инженерийн төвтэй аж.


Уг онгоцыг Канадын Британийн Колумб муж болон Номхон далай эрэг рүү зорчигчдыг хурдан тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөжээ. “Grand Caravan” онгоц нэг удаад 9 зорчигч тээвэрлэж, цагт дээд тал нь 180 км-ын хурдтай нисэж чаддаг байна. Түүнчлэн нэг удаагийн цэнэглэлтээр 160 км туулах чадвартай гэнэ. Цахилгаан онгоцыг цэнэглэхэд ердөө 6 доллар зарцуулжээ. Тэгвэл түлшээр ажилладаг хөдөлгүүртэй онгоцыг цэнэглэхэд 300 доллар зарцуулах байсан байна.


Цахилгаан онгоцууд хямд, чимээ багатай, хүрээлэн буй орчинд илүү аюулгүй байдаг тул өргөнөөр ашигладаг болно гэж “MagniX” компанийнхан найдаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ